АХМАД АЖИЛТАН, БЭЛТГЭЛ ХОШУУЧ Б.СМИРНОВ: ХҮН ХӨДӨЛМӨРӨӨР ХҮМҮҮЖДЭГ.
“Олон улсын ахмадын өдөр”-ийг угтан улс, эх орны бүтээн байгуулалтын өрнүүн их ажилд төдийгүй амьдралдаа алдаж эндэн, эрхээ хязгаарлуулсан хүмүүсийг нийгэмшүүлэх, хөдөлмөрөөр хүмүүжүүлэх үйл хэрэгт өөрийн хүч хөдөлмөрөө зориулан ажилласан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахмад ажилтан, бэлтгэл хошууч Б.Смирновын ярилцлагыг хүргэж байна.
Тэрбээр хуучны нэршлээр Хархорин дахь Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид барилгын техникчээр ажиллаж байсан төдийгүй улс, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудад хоригдлыг чиглүүлэх, барилгын стандарт норм, орцыг тодорхойлж, улсаас тогтоосон шаардлагын дагуу хоригдлуудаар барилга бариулах өндөр хариуцлагатай албыг хашиж байжээ.
1960-аад оноос Монголын барилгууд энгийн хайрцган архитектурын хэлбэрт орсон талаар түүхэн эх сурвалжуудад дурдсан байдаг. Хөдөө орон нутагт урбанизац буюу хотжилт эхэлж, сумын төв нь хөдөөгийн хүн амын нийгэм, улс төр, соёл, боловсролын гол төв нь болон тогтож, хөдөөд суурин соёл иргэншил үүссэн түүхтэй. Энэ бүтээн байгуулалтад тухайн үеийн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллага буюу өнөөгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага томоохон хувь нэмэр оруулж ирснийг энд дурдах нь зүйтэй.
✅Сайн сууж байна уу, та? Бидний хүсэлтийг хүлээн авч, ярилцан суугаа танд баярлалаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийнхөө талаар товчхон танилцуулаач?
Би 1948 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Аав маань Халх голын дайнаас ирээд надад Смирнов гэж нэр хайрласан гэдэг. Хүүхэд ахуй цаг минь суманд өнгөрч, аав ээж хоёр минь 1960 онд Улаанбаатар хотод суурьшсан. Бага сургуулиа төгсөөд барилгын техникумд мэргэжил эзэмшиж, 1971 онд Баянхонгор аймагт Техник мэргэжлийн сургуулийн багшаар хуваарилагдсан.
Тэр үед нөхөр маань цэрэгт явчихсан, би хоёр хүүхэдтэй учир Баянхонгор аймаг руу явж чадахгүй гэх шалтгаанаа хэлэхэд намайг хотын барилга трестэд хуваарилсан. Одоогийн нийслэл хотын урт цагааны барилгаас ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа.
Тоосго, цемент өрөх, зөөх гээд барилгын ажлыг хамгийн дороос нь эхэлж сурсан. Хөдөлмөрийн баатар н.Намсрай гуайн заавраар нарийн ширийнийг сурч явлаа.
✅Тухайн үеийн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагад хэрхэн томилогдож байв?
Хань маань 1971 онд цэрэгт татагдаж, Өвөрхангай аймгийн 023-р цэргийн ангид хуваарилагдсан. 180 гаруй цэргээс ганцаараа намын гишүүн байсан гээд офицер болж, тэндээ үлдсэн юм. Удалгүй намайг Өвөрхангай аймаг руу татсан. Улмаар 023-р анги татан буугдаж, Эрдэнэт рүү нүүсэн. Харин би Хархорин суманд амьдрахаар хүүхдүүдтэйгээ үлдсэн.
Ардын армийн 023 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1973 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 347 дугаар тогтоол, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1973 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Зарим колонийг байгуулан аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулах тухай” 0699 дүгээр тушаалаар 1974 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хархорин дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони байгуулагдсан.
Үүнээс хойш 1974 оноос барилга угсралтын ажил эхэлж, надад энэ газарт ажиллах боломж олдсон юм. Энгийнээр ажиллаж яваад 1976 онд ахлагч цол хүртээд учиргүй их баярлаж байлаа. 1978 онд бага дэслэгч болж, Бугын Дэжид гуайгаас цол тэмдгээ авч байсан. Тэр цагаас хойш 1996 он хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаад хошууч цолтой тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарчихаад Орхон буудалд 10 жил ажилласан. Манай байгууллага барилга барихаар болбол Бүдээ бид хоёрыг л дууддаг байлаа. Сууринд орон сууц, засаг захиргаа, сургууль, цэцэрлэг, клуб, улаан булан, эмнэлэг, зочид буудал, худалдаа, ахуйн үйлчилгээ зэрэг орон сууц, олон нийтийн барилга барьж, түүнийг дагасан гэр хороолол бүхий суурьшлын бүс бий болж, явсаар өнөөдрийг хүрчээ.
✅Таныг энэ албанд томилогдох үед манай байгууллагын бүтэц, зохион байгуулалт ямар байсан бэ?
Анхны ангийн даргаар хошууч Л.Цэдэн-Иш, Улс төрийн орлогчоор ахмад Б.Гонгор, ерөнхий инженер, дэслэгч Бархүү, ерөнхий нягтлан бодогч, дэд хурандаа Дагвадорж нар ажиллаж байсан. Цэргийн 4 алба хаагч, 20 гаруй энгийн алба хаагч, 10 хоригдолтой байсан санагдаж байна.
“Барилга угсралтын ажил явуулах” чиглэлээр анх үүсэн байгуулагдаж, Өвөрхангай аймгийн Зүйл суманд Улсын тэжээлийн фондын барилга барьснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Миний мэдэж байгаагаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд манай ангийн барьсан 28 барилга бий. Мөн аймгийн сумдын барилгууд Өлзийт, Хашаат, Хотонт, Хужирт гээд барилга бариагүй сум байхгүй. Миний тооцоогоор 80 гаруй барилга, нэмээд Өлзийт сумын төвийг бүтнээр нь барьсан.
✅Таны ажил мэргэжлийн онцлог юу вэ?
Хоригдолд барилга барих арга техникийг заах үүрэгтэй байсан. Барилгын төсөв гэж байдаг. Тухайн барилгыг барихад хэдэн тонн цемент орох, хичнээн куб метр мод орох гээд нарийн тооцоо байдаг. Тэрнээс илүү гаргахгүй зарцуулах, төсвийн дагуу норм төлөвлөгөөгөөр нь бариулж, цемент зуурмагийн орц найрлагыг нь хянаж, тааруулж өгдөг байсан. Тэгээд байшин барилгынхаа улаан шугамыг тавиад л энд нь хаалга, тэнд нь цонх, энэ нь дотор, нөгөө нь гадна хана гээд зузаан нь хэдэн сантиметр байх гээд бүгдийг л гаргадаг байлаа.
Бид чинь алдаж эндээд хоригдож байгаа хүмүүсийг ахиж алдахгүй байхад нь анхаарч, суллагдаад гарсан хойноо хүнээс гуйхааргүй барилгын бүхий л ажлыг хийж сургахын төлөө ажилладаг байлаа. Ер нь манай ангиас суллагдаж гарсан хүмүүсээс 60-70 хувь нь эргэж ирээгүй.
Хүнтэй ажиллана гэдэг их учиртай. Аашлуулж, загнуулж арганд ордог хүн байна. Аргадуулж арганд ордог хүн ч бий. Зөвлөгөө өгөөд ярьж, хөөрч байж учир нь олддог хүн байна. Тухайн хүнээ маш сайн судлах хэрэгтэй. Хүнтэй ажиллана гэдэг сайхан. Би чинь томилогдохдоо энгийн байсан учир Хархорины мод бэлтгэл дээр цагаан цувтай, өнөө хянагч маань хоригдлоо дагуулаад явж байхад би хойноос нь алхаад л явна.
Хоригдлуудад цай, сахар гээд ойр зуурын хэрэглээнийх нь зүйлсийг хоршооноос цуглуулдаг. Тэгсэн нутгийн хүмүүс намайг “Хархорины хорих чинь ганц эмэгтэй хоригдолтой юм байна. Тэр нь тогооч нь юм шиг байна лээ” гэж ярьдаг байсан гэсэн. Манай байгууллагын үйл ажиллагааг сайн ойлгодоггүй хүмүүс яаж муухай хоригдлуудтай ажилладаг юм, яасан айдаггүй юм гээд л ярина. Энэ маш буруу ойлголт. Бид бүгд л адилхан эхээс төрсөн хүмүүс шүү дээ.
✅Тухайн үед улс орны бүтээн байгуулалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэрхэн оролцож байсан бэ?
Манай байгууллага улс орны хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулсан. Тухайлбал 1978 онд манай барилгын колонитой Бат-Өлзий сумын модны колони нэгдсэн. Ингэснээр манай анги барилга ч барина, мод ч бэлтгэнэ. Бүр экспортоор гуалин, банз бэлтгэдэг байсан. Мөн говийн хэдэн аймаг, баруун аймгуудыг банз модоор хангана. Манай анги таван хөрөө рамтай байлаа. Мөн блок хийдэг байсан. Тэр үед модны үйлдвэр, барилгын ажил, блок үйлдвэрлэлийн цехүүд ажиллаж байсан.


